Sheep

EN Хонин сүрэг


Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалаас үзвэл 5 хошуу малын дотор хонь зонхилж үржүүлдэг байна. Нийт малын 50 гаруй хүвийг хонь эзэлж байсан.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс ямааны ноолуур ноолууран бүтээгдэхүүний үнэ өссөн учраас ямаа өсгөх сонирхол малчдыг өөрийн эрхгүй эзэмдсэн. Ингэснээр 2009 оны байдлаар нийт малын дотор хонины эзлэх хувь 44 болж, Нэг хотонд байх хонь, ямааны тоо 1:1 болсон байна.
Монголчууд хонийг хотны чимэг, махан зоог, ноосыг эдлэлийн эх гэж нэрлэдэг байжээ. Бэлчээрийн монгол хонины мах амт, шимт чанараараа бусад малынхаас давуу. Монголчууд хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонь монгол хүний амьжиргааны гол үндэс болсоор ирсэн. Хонь өсгөснөөр мах, сүүгээр хүнсээ болгодог, ноосоор нь гэрээ бүрж, эсгий ноосон эдлэл хийж, арьсаар нь дээл, хувцас оёж унах морь, ачих шарнаас бусад хэрэглээг хонины аж ахуйгаас хангадаг гэж хэлж болох юм. Хонины хоргол хөрзөн маш илчлэг түлш болдог. Хөрзөнгөөр хороо, хашаа барьж бууцыг дэвсгэр манаас болгож хэрэглэдэг.
Монгол орны өргөн уудам нутгийн өвөрмөц нөхцөлд зохицон үржиж ирсэн нутгийн олон омгийн хонь байдаг. Эдгээрийг дараах байдлаар ангилдаг байна.
Сутай омог
Сутай хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан. Сутай хонины ашиг шим, биологийн онцлог шинж байдлыг тодорхойлох судалгааг эрдэмтэн Б.Пүрэв удирдан явуулж байжээ. Зоотехникч З.Дамдин, Д.Бальдиржамц нар Сутай хонины үржил, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, маллагааны технологийг боловсронгуй болгох чигэлэээр туршилт, судалгаа хийж, үржил-селекцийн ажлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэж үр бүтээлтэй ажиллаж хувь нэмрээ оруулсан. 
Сутай омгийн хонийг Ховд аймгийн Дарви суманд үржүүлдэг. Сутай хонь Сутай уулсын экологи нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бүдүүн ноостой, богино өөхөн сүүлтэй, төлөрхөг чанар өндөр /115%/. Нас гүйцсэн хуц 70.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 56.0 кг, охин төлөг 42.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 2.0 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.6 кг, охин төлөг 1.4 кг ноос өгдөг
Барга омог
Барга хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан. Эрдэмтэн З.Гончигжав, Д.Чойжил нар Барга хонины галбир, бие цогцос, ашиг шимийн талаар нэлээд судалгаа хийжээ. Барга хонины үржлийн фермийг Дорнод аймгийн Хөлөн буйр суманд байгуулж түүнийг цэврээр үржүүлэн хамгаалах ажлыг зохион байгуулсан. Энэ хонины үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ажлыг малзүйч Н.Хутрангаа, Б.Биньеэ, Н.Доржготов, М.Бямбаа нар олон жил хариуцан гардан гүйцэтгэж ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Барга хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, ууц ялимгүй өргөгдсөн, богинодуу зузаан, отоггүй сүүлтэй, мах, өөхөн ашиг шим давуу хөгжсөн. Бүдүүн ноостой, ноосон дахь ноолуур нарийн /19.6 мкм/. Үржлийн хуц 75.1 кг, төлгөн хуц 46.0 кг, эм хонь 55.8 кг, охин төлөг 43.0 кг дундаж жинтэй. Хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг, эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1.0 кг ноос авдаг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 75.5 %, завсрын үс 5.3 %, сор 4.5 %, хялгас 14.7 % байдаг. Ноосны урт 14.7 см, ноолуурын урт 7.3 см, ноолуурын нарийн нь 19.6 мкм, ноосны цэвэр гарц 62.0 %. Эр шүдлэн хонины жин 47.1 кг, гулуузны жин 22.2 кг, махны гарц 47.1 хувь
Дархад омог
Дархад хонийг 1990 онд бие даасан омогоор баталсан. Дархад хонийг цэврээр нь үржүүлж удмын санг хамгаалах, үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах ажлыг зохион байгуулж олон жил үр бүтээлтэй ажилласан мал зүйч Б.Цэрэнжавын оруулсан хувь нэмэр их юм. Дархад хонийг Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ, Улаан уул, Баянзүрх суманд үржүүлдэг. Ринчинлхүмбэ суманд үржлийн ферм байгуулж цөм сүргийг үржүүлж байсан. Дархад хонь өндөр уул, тайгын бүсийн нөхцөлд гойд зохицсон, чийрэг бие цогцостой, хүйтэнд тэсвэртэй, ялангуяа их цастай өвөл, хаврын улиралд бэлчээрийг ашиглах, цас туулах онцгой чадвартай, ноосонд ноолуур их, хялгас бага, ноосны чанар сайн учир хивс, бүтээлэг хийхэд нэн тохиромжтой гэж үйлдвэрүүд үнэлдэг. Үржлийн хуцны жин 70.1 кг, төлгөн хуцных 46.0 кг, эм хониных 50.9 кг, охин төлөгнийх 44.0 кг. Ноосны жин хуцных 1.7 кг, төлгөн хуцных 1.3 кг, эм хониных 1.5 кг, охин төлөгнийх 1.0 кг. Ноосны бүрэлдэхүүний 87 хувь нь ноолуур, 5.8 хувь нь завсрын үс, 5.9 хувь нь сор, 1.3 хувь нь хялгас байдаг. Ноосны урт 14.9 см, ноолуурын урт 10.2 см, ноолуурын нарийн 20.2 мкм, ноосны цэвэр гарц 61.9 хувь. Эр шүдлэн хонины жин 40.4 кг, гулуузны жин 16.2 кг, махны гарц нь 40 хувь байна.
Жаргалант үржлийн хэсэг.
Жаргалант үржлийн хэсгийг 1991 онд баталсан. Үүлдрийн хэсгийг гаргахдаа нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост эрлийз хонийг Грузины өөхөн сүүлт, нарийвтар ноост үүлдрээр эрлийзжүүлж II үеэс тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэсэн. 
Жаргалант үржлийн хэсгийн зохион бүтээгчээр МУ-ын төрийн шагналт, гавъяат зоотехникч Т.Аюурзана, дэд доктор А.Лүгтэгсүрэн нар батлагджээ. 
Жаргалант үржлийн хэсгийн хонийг Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуулд үржүүлдэг. Жаргалант хонь богинодуу, лагс биетэй. Өөхөн сүүлтэй, нарийвтар ноостой. 
Мах нь алагдуу, шорлог хийхэд нэн тохиромжтой. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц дунджаар 65.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 50.0 кг, охин төлөг 41.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 3.5 кг, төлгөн хуц 2.8 кг, эм хонь 2.5 кг, охин төлөг 2.2 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 8 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 58%. Ирэгний жин 60.5 кг, гулуузны жин 27.8 кг, махны цэвэр гарц нь 50.2 хувь байдаг.
Алтанбулаг үржлийн хэсэг
Алтанбулаг хонийг 1996 онд үржлийн хэсгээр баталсан. Мах, өөх, ноосны чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлж мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх туршилт, судалгааны ажлыг эрдэмтэн Л.Балдандаш Я. Нямаа нар хариуцан гүйцэтгэжээ. Үржлийн хэсгийг бий болгохдоо монгол хонийг ууцан сүүлтэй Эделбай, Гиссар үүдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг дотор нь сонгон үржүүлэх аргыг хэрэглэжээ. Үржлийн хэсгийг зохион бүтээгч нь хөдөө аж ахуйн ухааны шинжлэх доктор Я.Нямаа юм. Энэ хонийг үржүүлэхэд Алтанбулагийн “Хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан мал зүйч Н.Доржготов, Н. Бямбажав нар ихээхэн хувь нэмэр оруулжээ. Үржлийн хэсгийг Төв аймгийн Алтанбулаг суманд үржүүлдэг. Нас гүйцсэн хуц 82.0 кг, төлгөн хуц 58.0 кг, эм хонь 62.0 кг, охин төлөг 51.0 кг дундаж жинтэй., Нас гүйцсэн хуц1.4 кг, төлгөн хуц 1.2 кг, эм хонь 1.2 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 56.5 хувь нь ноолуур, 5.4 хувь нь завсрын үс, 12.0 хувь нь сор, 26.7 хувь нь хялгас эзэлдэг. Ноосны урт 13.6 см, ноолурын урт 9.5 см. Ирэгний нядлагын жин 72.0 кг, гулуузны жин 35.0 кг, махны гарц нь 54.7 хувь. Эр шүдлэн хонины нядлагын жин 50.6 кг, гулуузны жин 22.7 кг, махны гарц 49.6 хувь байна.
Хотонт үржлийн хэсэг
Хотонт хонийг 1996 онд үржлийн хэсэг болгон баталсан. Монгол хонины дотроос нугалам, хавирга илүү хонийг илрүүлж удамших зүй тогтлыг судлан тухайн шинжээр сонгон үржүүлэх боломжтойг тодорхойлсон үржил, селекцийн ажлыг дэс дараалалтай явуулснаар илүү нугаламтай үржлийн хэсгийн бүлэг хонийг бий болгосон. 
Энэ чиглэлээр судалгаа, үржлийн ажлыг зохион байгуулсан, үржлийн хэсгийн зохион бүтээгч Б.Минжигдорж, Х.Санжмятав нар уг хонийг сонгох, үржүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй арга боловсруулсан 3 бүтээлээр зохиогчийн эрх авсан байна. Энэ хонийг үржүүлдэг малчин Г.Лхагважав Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ. 
Мал зүйч С.Жамбалсүрэн үр бүтээлтэй ажиллаж тодорхой хувь нэмэр оруулжээ. Хотонт хонь жирийн хониноос нурууны 1-2 нугалам илүү учраас жин, махны унац давуу. Нэг айлын хоногийн хоолны мах элбэг хүрэх илүү махтайгаараа онцлог юм. Хотонт хонь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, сээр, харцаганы нугалам, хос хавирга илүү, харьцангуй уртлаг биетэй, махан ашиг шим сайтай, бүдүүн ноостой. Үржилийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонд суманд үржүүлдэг. Үржлийн хуц 68.2 кг, төлгөн хуц 54.1 кг, эм хонь 53.1 кг, охин төлөг 43.2 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуц 1.8 кг, төлгөн хуц 1.3 кг, эм хонь 1.2 кг, охин төлөг 1.1 кг ноос өгдөг. Хотонт хонийг үржүүлэх сонирхол, дотоод, гадаад зах зээлийн хэрэгцээ их байгаа нь энэ хонио өсгөн олшруулах, чанар чансааг сайжруулан үржлийн шилмэл хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж борлуулах улмаар малчдын орлого нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хонины насыг шүдээр тодорхойлох
Хонь дээд эрүүндээ үүдэн шүд, соёогүй, 6 хос араатай, доод эрүүндээ 8 үүдэн шүдтэй, соёогүй, 6 хос араатай, нийт 32 шүдтэй. Хонины шүдний зохион байгуулалтын томъёо:    Дээд эрүүнд Үш 0 + Со 0 + Ар 6 + 6
                 Доод эрүүнд Үш 8 + Со 0 + Ар 6 + 6
                                Үш - үүдэн шүд 
                                Со – соёо 
                                Ар – араа
Хурга эхээс гарахдаа ихэвчлэн шүдгүй байх ба 1-3 сартайд доод эрүүнд нялхын 8 үүдэн сүүн шүд, дээд, доод эрүүнд тус бүр 3 хос нялхын араанууд ургаж нийт 20 шүдтэй болно. Нялхын буюу сүүн шүд хэмжээгээр жижиг, цагаан өнгөтэй байхад ясан шүд том шаравтар өнгөтэй байдаг. Цаашид хонины шүдийг нялхын шүд ясан шүдээр солигдох болон ясан шүдний элэгдлээр тодорхойлж насчлан нэрлэнэ. Төлийг гарсан эхний жилд хурга , нэг нас хүрхэд төлөг гэж нэрлэх бөгөөд энэ үедээ нялхын /сүүн/ шүдтэйгээ байна.Есөн сартайд байнгын эхний хос араа ургаснаар 24 шүдтэй, 1.5 настайд дараагийн хос араа ургаснаар 28 шүдтэй, 2 настайд сүүлчийн хос араа ургаснаар 32 шүдтэй болно.Нэг хас зургаан сартайгаас хоёр насанд нялхын /1,2,3-р хос/ сүүн араанууд унаж ясан араагаар голын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг шүдлэн хонь, охиныг зусаг хонь гэж нэрлэнэ. Учир нь хонь төлгөндөө хээл авч зусгандаа хургалах учир зусаг хонь гэж нэрлэнэ.Хоёр нас зургаан сартайд голын хажуугийн 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг хязаалан эр хонь, охиныг сагиль хонь гэж нэрлэнэ. Учир нь энэ үед хонь 2-дахь удаагаа хургална.
Гурван нас зургаан сартайд захын дотор талын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг соёолон эр хонь, охиныг эм хонь гэж нэрлэнэ.
Дөрвөн нас зургаан сартайд захын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины хөнгөлсөн эрийг ирэг, хөнгөлөөгүйг хуц, охиныг эм хонь гэж нэрлэнэ.
Таваас зургаан насанд хонины үүдэн шүдний хурц ирмэг илэгдэж тэгширнэ.
Долоогоос найман насанд үүдэн шүдний илэгдэл улам лавширч, голоосоо хотойн богиносч хоорондоо зай гарна.
Есөөс- арван насанд шүдний хоорондын зай ихсэж сийх, буйлнаасаа сугарч хөдлөх, улмаар голоосоо унаж эхэлнэ. Хонь дундажаар 12 жил насалдаг. Хонийг 7 нас хүртэл үржилд ашиглаж болох юм. Түүнээс хойш аж ахуйн хэрэгцээнд хэрэглэх нь зүйтэй.


Хонины зүс:
Ноосны ашиг шимийн чиглэлийн хонь зонхилж цагаан зүстэй байх ба энэ нь хонийг энэ зүсээр сонгож үржүүлсэнтэй холбоотой. Харин нутгийн үүлдрийн хонины зүс олон янз байдаг нь зүсээр сонгож үржүүлээгүйтэй холбоотой. Тухайлбал, монгол хонинд хундан цагаан, хар, бор, хөх, улаан болон янз бүрийн алаг зүс зонхилох боловч хар, бор, улаан, хөх толгой, хар, бор, шар, хөх нүдэн, бас хар, бор, шар, хөх тохомтой болон хөл дээрээ өвөрмөц содон шинж тэмдэгтэй зүснүүд байдаг. Хонины биеийн аль нэгэн хэсэгт содон тэмдэг байгаа боловч их бие нь цагаан зүстэй хонь зонхилдог. Ийм хонийг тухайн содон зүсээр нэрлэдэг. Тухайлбал: хар, бор, хөх толгойтой хонь, эсвэл хар, бор, шар нүдэн хонь гэх мэт. Мөн хонины ашиг шимийн чиглэлээс хамаарч зүс өөр байна. Махны хэвшлийн хонь улаан, хар зүстэй байхад хурганы буржгар арьсны хонь саарал, хар, хүрэн болон сорлог, алтлаг, мөнгөлөг зэрэг олон янз байна. Хонийг зүслэхэд эврийн хэлбэрт их ач холбогдол өгнө. Эврийн хэлбэрийг дотор нь угалзан, даргай, дугуй, матигар, мэхээр, унжсан эвэрт хуваана. Угалзан эвэр нь гадагшаа эрчлэн цагираг үүсгэж угнаасаа үзүүрлүүгээ нарийссан байдаг