Seabuckthorn

AGRICULTURAL CROPPING BRANCH

Recommendation use GAP system in agricultural crop sector
Ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглэх гарын авлага-энд дар
- Seabuckthorn- World Scientific News Press
- Seaberry products
- Seabuckthorn market research 

EN Чацаргана 

Монгол орны чацарганы салбар.
Монгол оронд чацаргана зэрлэг болон таримал байдлаар ургадаг. Орхон-Сэлэнгэ, Булган, Ховд, Завхан, Тэс, Бөхмөрөн зэрэг голын ай сав дагуух нутагт нийт 13,5 мян. га талбайг хамран байгалийн чацаргана буюу чацарганы дэд зүйл болох Hippophae rhamnoides L.ssp mongolica Rous.ургадаг1.
Байгалийн чацарганы химийн бүрэлдэхүүнийг авч үзвэл сахар 4,6-6,7%, тослог 1,5-4,0%, “С” амин 107,0-149,6 мг/% агуулагддаг байна. Байгалийн чацарганы 50-86,7% нь 10-аас доош настай, 13-50% нь 10-18 настай байгаагаас харахад харьцангуй залуу бут ихэнх хувийг эзэлж байна. 
                

Монгол оронд анхны жимс жимсгэний станц 1954 онд байгуулагдсанаар чацаргана тариалж эхэлсэн. Улсын хэмжээнд 2009 оны байдлаар 1200 га талбайд жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 90 гаруй хувийг чацаргана эзэлж, жилд дундажаар 500 тонн жимс хураан авч байсан байна.“Чацаргана” хөтөлбөр 2010 онд батлагдсанаас хойш тариалах талбай эрс нэмэгдэж, 2016 оны мэдээгээр тариалсан талбай 5511,6 га-д хүрч, 2178,45тн ургац хураан авсан ба чацарганы тариалангийн талбай нь Увс, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт голлон төвлөрч байна. Чацарганы тариалангийн талбай, хураан авч буй ургацын хэмжээг графикаар үзүүлэв.

                     

Чацарганыг бүх аймгийн нутаг дэвсгэрт тариалж байгаа бөгөөд 2000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх зориулалтаар чацаргана тариалдаг. Чацарганы тариаланг газар зүйн байршлаар нь 5 бүсэд хуваадаг(зураг 2). Өнөөгийн нөхцөлд таримал чацарганыг 1 га-д 1200-1600 бут тариалж, нэг модноос 5-30 кг, харин 1га-гаас дунджаар 5 тонн жимс хураан авах бололцоотой гэсэн судалгаа байдаг. Жилд бүрдсэн нийт ургацын 25%-ийг хураан авч 75%-ийг нь модонд нь үлдээдэг байна.


[1, 2]- Монгол орны байгалийн чацарганы тархалт, генетик нөөцийн судалгааны тайлан, 2013 он, УГТЭШХ, МЧТҮҮХ

EN Чацаргана жимсний хэрэглээ ба үйлдвэрлэлт.


Тариалагчид бүтээгдэхүүнээ худалдааны сүлжээнд (57.5%), боловсруулах үйлдвэрт (42.5%), сургууль цэцэрлэг (36.7%), эмнэлэг сувилал (31.2%), экспорт (25%), уул уурхайн компани (19.5%), хүчний байгууллага (4.9%)-д нийлүүлэх сонирхолтой байдаг байна. [2] 

 Чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг үйлдвэрийн нөхцөлд зохих технологи, стандартууд болон гэрийн нөхцөлд уламжлалт арга хэрэглэн жимсээр нь шүүс (цэвэр болон сахаржуулсан), тос (үр,хальс, зөөлөн эд),чанамал, ундаа, навчаар нь цай, шахдас хийж байна. Мөн гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг жимс болон навч боловсруулан хийдэг.Ургуулсан жимс жимсгэнийг ашиглан гол төлөв хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 60 хувийг төрөл бүрийн ундаа, шүүс, үлдэх хэсэг нь тос, дарс, виски гэх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдахаас гадна жимс хэлбэрээр нь борлуулдаг. Мөн жимс, навчийг зохицуулах үйлчилгээтэй хүнс бэлтгэх, сүү, цагаан идээ, гурилан ба чихэрлэг хүнстэй хослуулан олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, навч, нахиа, мөчир, холтсоор нь малын витаминт тэжээл, хөрсний бордоо хийж ашиглаж байна. Монгол улсад 10 аймгийн 14 сум, нийслэл хотын 6 дүүрэгт буюу [3] ,Баян-Өлгий (2)  Баянхонгор (1),  Говь-Алтай (3), Орхон (1), Завхан (5), Увс (13), Ховд (2), Хөвсгөл (5), Дархан-Уул (2) аймгууд болон Улаанбаатар хотод (20) чацарганы бүтээгдэхүүн болох  шүүс, ундаа, тос, дарс үйлдвэрлэдэг том, жижиг нийт 54 үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэр 2-50 ажиллагсадтай бөгөөд үйлдвэрүүдэд нийтдээ 595 хүн ажиллаж байна.  Үйлдвэрүүд нь Улаанбаатар, Улаангом хотод төвлөрсөн. Үйлдвэрүүд жилд 5-600тн жимс боловсруулах суурилагдсан хүчин чадалтай (жилд улсын хэмжээгээр нийт -9600тн  [4]  боловч ихэнх үйлдвэрүүд хүчин чадлынхаа 3,3-50%-ийг ашиглаж байна. Одоогийн байдлаар жилд дундажаар 2041тн жимсний шүүс үйлдвэрлэж байна [5] . 


Улаанбаатар хотод байрладаг “Эко эрдэнэ” ХХК, Баянхонгор аймгийн “Жигүүр богд”  ХХК  -ны үйлдвэрүүд байгалийн зэрлэг жимсний шүүс үйлдвэрлэдэг онцлогтой. Түүхий эдийг нь импортоор авч сэргээсэн ундаа, шүүс хийдэг үйлдвэр хөдөө орон нутагт 10, Улаанбаатар хотод 26, нийт 36 байна. “Lhamour”, “Гоо”, “Сиберри фарм продактс”(Seaberry Farm Products) зэрэг компаниуд чацарганыг түүхий эд болгон гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн, зохицуулах үйлчилгээтэй цай, цэвэр тос үйлдвэрлэж байна. “Сиберри фарм продактс” компанийсаван, цэвэр тос, цай, биеийн болон гарын тос, гуужуулагч, нүүр арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд танигдсан бөгөөд Индонезийн Бали аралд үйлдвэрлэлээ явуулж (олон улсын стандартад нийцсэн байдаг) Сингапурт түгээлтийн төвөө байршуулан ажилладаг.АНУ-ын органик бүтээгдэхүүний хамгийн том сүлжээ дэлгүүр болох Whole Foods-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ байгуулсан байна. “Ус-Эрдэнэ” ХХК анх 2005-2007 онуудад Япон улсад чацарганы тос, жимс экспортоор гаргаж байжээ. Живэртийн Оргил ХХК–ны “Шар доктор” үйлдвэр 2012 онд Япон улсад албан ёсны борлуулагч компаниараа дамжуулан экспортын үйл ажиллагаагаа эхлүүлэн2012 оны 06 сараас хойш 2014 оны 3-р сар хүртэл 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос Монголоос Японд экспортонд гаргасан байна. Шар доктор үйлдвэряпон дахь дистрьюбитор YellowDoctorJapan компанитай хамтран Цукуба хотод дэлгүүр нээсэн бөгөөд бүтээгдэхүүнийхээ бат бөх брендийг Японд бий болгох чиглэлээр ажиллаж байна. 

Чацарганы тос, жимсний шүүс, хуурай навчны 1,08 сая ам.долларын бүтээгдэхүүнийг2015 онд ОХУ, Япон,  Сингапур улс руу экспортолсон байна.

 


График 2. Чацарганы экспортын хэмжээ, кг [6]


 
Монгол улс 2006 онд 1458 кг чацаргана экспортолсон. Түүнээс хойш экспортын хэмжээ төдийлөн өсөөгүй байна. (График 2). Сүүлийн жилүүдэд чацарганы хэрэглээ өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн. Дотоодын хэрэглээг болон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд зарим үйлдвэр чацарганыг импортоор оруулдаг. Монгол улс 2010 оны байдлаар 145 мянган ам.долларын чацарганыг импортолсон гэсэн мэдээ байдаг.


Тайлбар: Чацарганы түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын нарийвчилсан мэдээллийг авахаар холбогдох байгууллагын хүмүүст  хүсэлт гаргасан бөгөөд удахгүй энэ мэдээллийг авах болно.


  1. [1] - ХХААХҮЯ-ны мэдээ 
  2. [2]- Монгол улсын чацаргана, бусад жимс жимсгэний зах зээл, кластерийн судалгааны тайлан, ХХААХҮЯ, МЖЖҮХ
  3. [3] - (2) тухайн аймаг, хотод байгаа чацарганы үйлдвэрийн тоо.
  4. [4] - 9600тн -жимс боловсруулдаг үйлдвэрүүдийн хүчин чадал
  5. [5] -Мэдээллийг ХХААХҮЯ-аас авав
  6. [6] - Эх сурвалж: Гаалийн статистик